Цаг хугацаа гэдэг нүүгээд өнгөрдөг үүлс шиг юм... Үүлнээс ялгаатай нь
дайраад өнгөрсөн газар бүртээ гэгээн гуниг, гашуун ухаарал, хэд хэдэн
хар цагаан толбо үлдээгээд нисчих юм.
Нэг л мэдэх нээ, зургаан жил болчихож. Одоогоос яг зургаан жилийн
өмнөх яг энэ өдөр чамтайгаа анх танилцаж билээ. Хайр минь 6 нас
хүрчихлээ гээд дүүлэн нисэх гэтэл даль жигүүрээ тасдуулчихсан дурлал
минь толгой сэгсэрнэ. “Арай ч дээ” гээд гаслан гашуудах гэтэл тэртээх
өдрүүдийн гэгээн дурсамжууд над руу нүднийхээ булангаар хяламхийнэ.
Чамайг харж догдолсон, хайрлаж хүлээсэн, санаж бэтгэрсэн, шаналж
шархалсан зургаан жил минь. Сэтгэл минь хайраар жигүүрлэсэн ч, хүсэл
минь чиний харцанд хүлээтэй, хайр минь инээмсэглэлээр чинь цэцэглэсэн ч
учрал минь мөнхийн бардамналдаа гинжлүүлсэн зургаан жил.
Өнгөрсөн зургаан жилийн туршид чи бид хоёр биесээ хүлээж, биестээ
тэмүүлж, басхүү биесээ өөрсдөөсөө тусгаарлажээ. Чи минь одоо ч гэсэн
тэртээх жаргалтай өдрүүдээ дурсан санадаг уу?
Өглөө бүхнийг чинийхээ “Сайхан амарсан уу” гэсэн мессежээр угтаж,
үдэш бүр чинийхээ “Сайхан амраарай” гэсэн энхрийлэл дүүрэн мессэжинд
чинь тэврүүлэн орондоо ордог байлаа. Тэр үед бид биесээсээ хол байсан ч
ямар жаргалтай байгаа вэ? Чамтайгаа яриагүй, мессэжлээгүй өдөр бүхэн
бүрхэг. Чинийхээ дууг сонссон, чинийхээ мессежийг уншсан өдөр бүхэн
алтан наран зөвхөн миний л төлөө мандаж байгаа юм шиг санагддагсан.
Зуны амралтаараа ажлаасаа гуравхан чөлөө авч нутагтаа оччихоод,
чамд тунирхаад уулзаагүйг минь чи санаж байна уу? Тэгэхэд би хот орох
замдаа ямар их харамссанаа чамдаа хэлж чадаагүй. Тэр үеийн эмзэглэл
минь одоогийнхийг бодоход их өчүүхэн байжээ. Одоо бол сэтгэл минь
шаналснаасаа болоод хэсэг хэсгээрээ өмрөн унаж, газарт гээгдэх шиг болж
байна.
Биесээсээ хол хоёр жил болохдоо тийм ойрхон байж чадсан хэрнээ
гуравхан алхмын цаана ирчихээд бид яагаад хайрандаа цэг тавьчихсан юм
бэ? Магадгүй, энэ бүхэнд би л хамгаас буруутай гэдгээ мэднэ ээ.
Буруугаа хүлээж, чамайгаа эргээд ирээч гэж уйлан гуймаар санагддаг
хором мөчүүд надад зөндөө байсан. Гэвч тэр бүхэнд “Би бол эмэгтэй хүн.
Түүний өмнө тэгж үнэ цэнээ алдаж болохгүй” гэдэг тэнэгхэн бодолдоо
хүлээтэй явлаа. Энэ ертөнцийн бүх эрчүүдийн өмнө үнэ цэнээ алдаж, эрээ
цээргүй аашилж чадна. Гэвч ганцхан чиний л өмнө мөнхөд үнэ цэнэтэй,
халдашгүй хэвээрээ үлдье гэж бодож явлаа. Гэтэл яг үнэндээ би аль
хэдийн зөвхөн чиний л өмнө хамаг үнэ цэнээ алдаж, өөрийгөө чийг
шалбаагтай хутгаж орхисноо одоо л ухаарч байна.
Зөндөө удаан холбоогүй байчихаад, уулзая гээд дуудахад чинь гүйгээд
л очдог байсан хэрнээ, яг л урьдынх шигээ үсийг минь илж, гарыг минь
атгаж, жаахан хүүхэд шиг эрхлэхэд чинь “өнгөрсөн бүхий л цаг мөчүүдэд
зөвхөн чинийх байсан” гэдгээ мэдэрдэг байсан атлаа, юу бодож чамдаа
тэгтлээ бардамнадаг байсан юм бол оо?
Магадгүй, бидний хэтэрхий олон салалт, нийлэлт сүүлдээ улиг болж,
“Салъя” гэсэн үг минь чамд “сайн уу” гэдэг шиг л сонсогддог болсон
байх. Энэ бүхэнд сүүлдээ би ч бас бүр дөжирчихсөн. Хичнээн удаан холбоо
барихгүй байлаа ч, нэг л өдөр хүрээд ирнэ ээ гэдгийг чинь мэддэг
болсон. Тиймээс шөнө болгон дэрээ норгон “ирэхгүй удаад байна аа” гэж
гомдоллож хүлээсэн атлаа хүрээд ирэхээр чинь хамраа сөхөж, дээгүүр харж
алхлаад л... Чамайгаа би мөн ч их гомдоосон биз.
Хамгийн сүүлчийн тэр сайхан уулзалтыг чи минь санаж байна уу?
Чамайг мартах гэж өөр залуутай үерхэж, түүндээ бараг дасчихаад байсан
хэрнээ тэр үед би Чойжин ламын сүм музейд ороод хайрын бурханд “Намайг
түүнтэй минь л хамт аз жаргалтай амьдруулж өгөөч ээ” гэж залбирсан юм.
Түүнээс яг гурав хоногийн дараа чи над руу залгасан.
Тэр цэцэрлэгт анх удаа бид хамтдаа очсон. Бид хоёр учрахаасаа өмнө
ч тэр цэцэрлэгт хоёулаа дуртай байсан нь сонин юм шүү. Өвдөгийг минь
дэрлээд хэсэг амрахад чинь хөл минь чилж, хичнээн өвдөж байсан ч чамайг
сэрээчихгүй юмсан гэсэндээ гүрийгээд л сууж билээ. Чи минь тэгэхэд урьд
урьдынхаасаа илүү хөөрхөн болчихсон юм шиг харагдаж билээ. Тэр өдөр би
чамайгаа над дээр бүрмөсөн эргээд иржээ гэж итгэсэн. Тэгээд л урьдын
адил үл тоомсорлож, их зан гаргаж эхэлсэн байх. Хүмүүс чи бид хоёрыг их
адилхан гэхэд би их баярладаг байж билээ. Заяаны ханиуд адилхан байдаг
гэдэгт итгэдэг болохоороо тэр.
Чамтайгаа тангараг тасарсан намрын тэр жихүүн оройг ч би тодхон
санаж байна. Чамайг дараагийн хавар эргээд ирнэ дээ л гэж бодож байсан
шүү. Түүнээс хойш хоёр жил өнгөрчээ. Гэхдээ чи минь ноднин хавар надтай
холбоо барьсан. Даанч урьдын адил бүтэлтэй байгаагүй. Өнгөрсөн хавар
харин би чамайгаа хүлээсэнгүй. Огт өөр залууг хүлээсээр хаврыг ажралгүй
өнгөрөөчихөж.
Гэхдээ хамгийн сүүлд чамтайгаа таарахад чи минь яг хэвээрээ байна
лээ. Уг нь чамайг томоо эр хүн болчихсон, намба суучихсан, миний
хайрладаг тэр жаахан хөвгүүн биш болчихсон байх даа гэж бодож явсан юм.
Гэтэл чи минь яг хэвээрээ, урьдын л адил уруулаа унжуулан эрхлээд л...
Тийм өхөөрдөм амьтныг яаж хайрлахгүй байж чадах юм бэ?
Хайр нь чамайгаа урьдынх шигээ дэрээ норгон нойтон сормуустай
хүлээхээ больсоон гэж хэлэх гэж уг нь энэ захиаг эхлүүлсэн юм. Яг
зургаан жилийнх нь ойгоор шаналгаат анхны хайрдаа баяртай гэж хэлэх гэж
зориглосон юм. Тийм ээ, хайр нь одоо чиний төлөө уйлахаа больсон.
Өнгөрсөн намар...
Өнгөрсөн намар хайр нь нэг залууд анхны харцаар дурласан. Тэр
чамтай минь их төстэй. Хонгорхон шаргал царай, зузаан уруул, дөлгөөхөн
нүдтэй... Нүднийх нь өнгө хүртэл яг чинийх шиг... Харин чамаас минь
арай өндөр. Чамтай минь их төстэй араншинтай. Гэхдээ түүнийг чам шиг
минь тийм өхөөрдөм эрхэлж байхыг хараагүй ээ. Чиний минь хацар
хонхойдог бол түүнийх хонхойдоггүй. Харин хонхорхойн оронд хацар дээр
нь өхөөрдөм хос мэнгэ бий. Тэрэнд түүнд их зохидог юм. Хачирхалтай нь
тэр чамтай минь адилхан нэртэй. Бас нэг нутгийнх. Гэхдээ энэ бүхнийг би
түүнд дурлахаасаа өмнө мэддэггүй байсаан. Би түүнд хайртай. Яагаад
гэвэл, чамаас өөр ганц ч эр хүнийг олж хардаггүй байсан нүдийг минь тэр
нээсэн. Чамаас өөр хэнийг ч боддоггүй байсан сэтгэлийг минь тэр эзэгнэж
чадсан. Өмнө нь цаг мөч бүрийд чиний л нэр хоолой дээр минь дүүжлээстэй
явдаг байлаа. Гэтэл одоо түүний нэр чинийхээс хамаагүй олон удаа амнаас
минь гардаг болсон. Чиний төлөө уйлж шөнийн уртыг бардаг байсан бол
одоо түүний төлөө уйлж, догдолж хөөрдөг болсон.
Тэгээд чиний төлөө ахиж хэзээ ч уйлахгүй ээ гээд өөртөө амалчихсан.
Гэхдээ чамайгаа нэгмөсөн мартсаан гэж амлаж чадахгүй ээ. Яагаад гэвэл,
би чамайгаа мартаж чадахгүй. Чам шиг залууг, ийм хайрыг яаж ч мэдэх
билээ. Чамайг олж харах бүртээ сэтгэл хачин ихээр догдолж, зүрх хүчтэй
дэлсэж, нүүр халуу дүүгэж, яахаа мэдэхээ больдог минь хэвээрээ. Харин
чамайг харах бүртээ уйлдагаа больсон. “Хүрээд ирнэ ээ” гэж өдөржин,
шөнөжин хүлээдгээ больсон. Сэтгэл зүрхийг минь чи л ганцаараа өөр хүний
сүүдэр ч орох зайгүй болтол нь эзэгнэн суудаг байсан цаг ард хоцорсоон.
Гэхдээ би сэтгэлийнхээ гүнд чамдаа нэг жижигхээн өрөө бэлдчихсэн. Тэр
өрөө их уужуухан. Бас дулаахан. Тэнд чи минь миний зүрхний эцсийн
цохилт хүртэл амар амгалан, аз жаргалтай, өнөөх л хүүхэд зангаараа
эрхлэн наадсаар байх болно. Хэн ч чамайг минь тэндээс хөөж зүрхлэхгүй.
Тэгэхийг би зөвшөөрөхгүй. Учир нь чи бол миний хамаг бүхнээс хамгаалан
өмгөөлж, өөрт чинь хүртэл алдахаас айдаг АМИНЗҮРХ минь шүү дээ.
2004.08.16-2010.08.16. Зургаан жилийн турш би зөвхөн чам руу цаг
мөч бүрийд, эд эс бүхнээрээ тэмүүлжээ. Одоо энэ тэмүүлэлт зогсох цаг нь
болсон гэж итгэж байна. Хамгийн гол нь чи минь зовж байна, шаналж байна
гэж чихэнд минь дуулдахгүй л бол болох нь тэр. Хэрэв тэгж дуулдвал би
тэсэхгүй, эргээд л чамайгаа хайрлаад эхэлчихэж магад. Их олон юм
бичмээр байгаа ч цааш бичвэл чиний төлөө дахин уйлахгүй ээ гэсэн
амлалтаа зөрчихнө гэж айж байна.
Хураар уйлсан тэнгэр нь
Нараараа аргадуулж тайтгарна
Хайранд мэлмэрсэн зүрх минь
Чамдаа л эрхэлж жаргана аа... Чи минь энэ шүлгийг надад нэг удаа
буцааж өгөөд, эргүүлээд авчихсанаа санаж байна уу? Одоо шүлгийг минь
бас, надаас дээрэмдсэн зүрхээ буцааж өгөх цаг болсоон гэж бодож
байна... Буцаагаад өгчих л дөө...
Гэхдээ яг энэ мөчид чинийхээ гараар сүүлчийн удаа тэврүүлж,
чинийхээ үсийг сүүлчийн удаа илбэж, чинийхээ үнэрийг сүүлчийн удаа
мэдрэхийг ямар их хүснэ вэ? Сүүлчийн удаа... Дахиад ганцхан удаа...